2012-03-23
Гэрийн даалгавар – дарамтгүй, өөрөө...
Бага  ангийнхан, ялангуяа нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд гэрийн даалгавраа ганцаараа бие даан хийх нь ховор. Эцэг эхийн туслалцаа байнга

шаардагдана. Эцэг эх ч, багш нар ч гэрийн даалгавраа хийхэд нь туслах ёстой гэсэн баттай ойлголттой.
Цэцэрлэгт байхдаа, сургуульд ортлоо хүүхэд “Би бүгдийг чадна” гэсэн сэтгэгдэл, эрмэлзэлтэй байдаг. Гэтэл нэгдүгээр ангид элсэн суралцаж эхлэхээс тэдэнд дахиад ихээхэн дэмжлэг туслалцаа хэрэгтэй болоод явчихдаг. Тэд хичээлд явахаас гадна гэрийн даалгавраа хийх нэг том ажилтай тулгарна. Уг нь тэдэнд анхнаасаа “гэрийн даалгавар” гэж нэг их дарамттай, хэцүү зүйл байдаг гэсэн сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхиймээр байгаа юм. Гэтэл багш нар сургуульд л сурч байгаа юм бол гэрийн даалгавар хийх ёстой гэсэн ойлголтоор өдөр бүр, бараг хичээл болгонд гэрийн даалгавар өгнө. Бид өмнө нь сайтдаа “Гэрийн даалгаврыг хориглоно” гарчгийн дор ОХУ-д нэгдүгээр ангийнханд гэрийн даалгавар өгөхгүй байх журам хэрэгжиж эхэлж байгааг дурдаж байсан.
Зургаа, долоон настнууд “зөв хийх”-ийг чухалчилдаг. Гэтэл ямар нэг, бага ч болов алдаа гаргавал түүндээ эмзэглэж, “Би чадахгүй байна” гэсэн мэдрэмж авна. Дээрээс нь багш бурууг нь дурдвал бүр ч дарамттай.


Ямартаа ч та хүүхдэдээ гэрийн даалгавраа бие дааж хийхэд нь туслахдаа дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
1.    Хүүхдэдээ “Чи өөрөө даалгавраа хийж чадна аа, харин мэдэхгүй зүйл гарвал надаас асуугаарай” гэж хэл.
2.   “Чи эхлээд даалгавраа хийчих. Хэр зөв, сайн хийснийг нь би дараа харъя” гэж үр дүнгий нь шалгахаа хүүхэдтэйгээ тохир.
3.    Бага ч гэхгүй үр дүн харагдвал магтаж урамшуул. Энэ нь өөртөө итгэл муутай хүүхдэд илүү хэрэгтэй.
4.    Даалгавраа яаж хийснийг нь асууж бай: Чи үүнийг яаж бодсон бэ?, Үүнийг чи хаанаас олж мэдэв? гэх мэт.
5.    Шууд зааварлахаас татгалзаж, аль болох өөрөөр нь бодуулах, хийлгэх, яриулахыг хичээ.
6.    Хүүхэд тань даалгавраа яаж хийхээ мэдэхээ байвал эсвэл буруу хийвэл тодорхой чиглэл өг. Жишээлбэл, “Чи нийлбэр нь 10 гарлаа гэсэн. Гэтэл чи 10-аас өөр тоо биччихсэн юм уу даа?”
7.    Хэрэв хүүхэд өөрөө цааш нь бие даагаад хийгээд явчихмаар санагдвал аль болох хөндий бай.
8.    Хүүхдэдээ яаж туслахаа сайн мэдэхгүй эргэлзвэл багшаас нь зөвлөлгөө ав. Багшийнх нь зааж сургадаг арга барилаас зөрөх вий. Ингэвэл хүүхэд улам будилна.


Бичсэн: Бага анги | цаг: 18:10 | зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax