2012-03-23
өсвөр насныханд өгөх зөвлөгөө

Өсвөр Насны Хүүхдүүдтэй Эцэг Эхчүүдэд Зориулсан Зөвлөмжүүд

Ерөнхий боловсролын дунд сургууль (Middle School)-д сурч байгаа сурагчид болох 10-14 насны хүүхдүүд нь насны хувьд бие бялдарын, сэтгэл мэдрэлийн, оюун санааны, болоод орчин тойроны маш олон өөрчлөлтүүдтэй  учирдаг.

Энэ насандаа хүүхдүүд өөрсдийн биед болоод сэтгэлд санаандаа гарч байгаа өөрчлөлтүүдээ үл ойлгох, сэтгэл санааны хямралд орох, огцом уурлах, ганцаардах зэрэг оюуны болоод сэтгэл мэдрэлийн  хувьд хямaрдaг. Энэ насныханд учирдаг томоохон хямрал нь "би- бусдад  хэрхэн харагдаж байгаа бол?!" гэсэн үзэл ноёрхож гадаад үзэмжиндээ илүү их анхаарал тавьж түүнийхээ төлөө ихээхэн хямардаг нас юм. Энэ насны хүүхдүүд өөрсдийнхөө дотны найзаа өөрсдөө сонгож, өмсөх хувцасаа өөрсдөө шилж, өөрсдийнхөөрөө бүхнийг шийдэх чадвартай болсон "насанд  хүрсэн том  хүн" гэсэн үзэл сууж бие даахыг эрмэлзэж эхэлдэг. Тиймээс энэ насны хүүхдүүд найз нөхдийн хүрээг гэр бүлийнхэнээсээ ялангуяа ээж, ааваасаа илүүд үзэж тэдэнтэй өөрсдийнхөө үзэл бодолоо хуваалцах, тэднийхээ үгийг үг дуугүй дагах, тэднийхээ төлөө юуг ч хийхээс буцахгүйгээр "үнэнчээр" зүтгэж эхэлдэг. Энэхүү шалтгаанаас үүдэж энэ насны хүүхдүүд тамхи татах, архи уух, тэр байтугай хар тамхи хэрэглэх, бэлгийн харьцаанд эрт орох зэрэг сөрөг нөлөөллүүдэд автагдахад бэлэн байдаг "эмзэг насныхан"-д тооцогддог.

Ерөнхий өөрчлөлтүүд:

Сэтгэл санааны болоод бие бялдарын ерөнхий өөрчлөлтүүд:

• Энэ насны хүүхдүүд өөрсдийнхөө биеийн галбир, гадаад үзэмж, хувцаслалтандаа илүү анхаарсанаар толины өмнө байнга эргэлдэж өөрсдийгөө өндөрөөр үнэлэж эхэлдэг ч сэтгэл санааны хувьд ихэнхидээ зориггүй, хулчгар байдаг.
• Биеийн галбиртаа илүү анхаарсанаас болж хоолны дэглэм барихгүй хэт хоол сойх, эсвэл хэт их идэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
• Энэ насны хүүхдүүдийн бие дэхь бодисийн солилцоо их хэмжээгээр явагддаг учраас маш их хөлөрдөг бөгөөд алдсан энеригээ  унтаж эсвэл их идэж нөхдөг учир унтамхайбас идэмхий байдаг.
• Энэ насныхны хамгийн хурцаар илэрдэг нэгэн шинж тэмдэг бол зан авирын хувьд нилээд “ааширхуу” болдог. Тиймээс эцэг эхийгээ хүндлэхгүй байх, уурлах уцаарлах, ээж, аавдаа бүдүүлэг авир гаргах, огцом уурлаж, түргэн зан гаргаж эцэг эхийгээ эвгүй байдалд оруулаx зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ нь тэдний гормоны өөрчлөлт идэвхитэй явагдаж байгаатай уялдаатай байдаг болов уу.
• Өөрсдийгөө үргэлж онцгой содон хүн (биднийхээр "од") болох хүслэнд автаж сургууль дээр болоод хамт олны дунд зохиогдож байгаа олон нийтийн ажил, биеийн тамирын хичээл, спортоор шаргуу хичээллэж амжилт олохыг ихээхэн хүсэмжилж түүний төлөө тэмцдэг. Ийм тохиолдолд тэд дэндүү аюултай (риск-тэй) эрэмгий  шийдэлүүдийг эргэлт буцалтгүй хийдэгээрээ их гэнэн бөгөөд амь насанд нь аюул учирч болзошгүй.
• Охидуудын сарын тэмдэг ирж, биеийн галбирын хувьд эмэгтэйлэг болж эхэлдэг бол хөвгүүдийн дуу бүдүүрч, шингэн сахал ургах ор суудaг. Энэ насны охидууд хөвгүүдээс илүү өсөглүүн байдаг тул охидууд хөвгүүдээсээ өндөр болдог. Тймээс охидууд эрт бэлгийн харьцаанд орох тохиолдол гарвал жирэмслэх магадлалтай.

Сэтгэл зүйн (оюун ухаан) болоод танин мэдэхүйн өөрчлөлтүүд:

• Олон зүйл бодож сэтгэл санааны хувьд амархан хямардаг.
• Өөрсдийн үзэл бодолоо яриагаар илэрхийлэх чадвар нь өндөрсөж, нухацтай болдог.
• Зөв, бурууг ялгаж, ойлгох чадвар нь сайжирдаг.
• Өсвөр насны ихэнхи хүүхдүүдийн дунд гардаг нийтлэг шинж бол сэтгэл санааны хямралд амархан ордогоосоо болж өөрсдийгөө үзэн ядах, гэр бүлийн хэрүүл маргаан, эдийн засгийн хямрал, эцэг эхийн салалтын бурууг өөртөө үүрч гуниглах, ганцаардах, үүнээс үүдэж сэтгэл мэдрэлийн  гүнзгий дарамтанд ордог. Иймэрхүү тохиолдолд тэд өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь буурч аймхай, хулчгар болдог. Тиймээс ингэж хямарсан хүүхэд буруу замруу хөртлөгдөхөд амархан байдаг.

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ талаар юуг мэдэх нь зүйтэй вэ?

1. Өсвар насны хүүхдүүдийн өсөлт бойжилт, өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллийг өөрийнхөө боломжийн хэмжээгээр олж мэдэх нь чухал. Тодорхой сайн мэдээллийг олж авсанаар та зөв зүйтэй шийдвэрийг гаргахад тань тусална. Өсвөр насныхны өөрчлөлт шилжилтийн гэгдэх жилүүдэд та юуг хүлээн зөвшөөрч тусалж чадахаа сайтар ойлгох. Хүүхдийнхээ сургууль дээрхи болон сургуулиас гадуурхи амьдралтай холбоотой байж тэдэнтэй хамтран оролцох. Зөв орчин, хүмүүжил сайтай, зөв санаа бодолтой эцэг эхчүүдтэй, болон насанд хүрэгчидтэй холбоотой ажилласанаар эрүүл орчин үүсч хүүхдээ өв тэгш хүмүүжилтэй "бие хүн" төлөвшүүлэхэд ихээхэн тус нэмэр болно. Хүүхдийнхээ нас биений онцлогт таарсан зөв арга барилыг сонгож ажилласанаар та хүүхдийнхээ хүмүүжилд сайнаар нөлөөлнө.

2. Хүүхэддээ өөрийнхөө тэднийг хэрхэн хайрлаж, баярлаж байгаа сэтгэлээ илчилж чаддаг байх нь таны хүүхэд хайр халамжыг мэдэрч амжилт гаргах эх үүсвэрийг олж авна.

3. Үе үе хүүхэдтэйгээ таны хүүхдэд юу илүү чухал болох талаар ярилцаж бай. Үүнд: хэцүү тулгамдсан асуудалаас авахуулаад сэтгэлд нь байгаа эмзэг сэдвийг ч хөндөж болно. Хүүхдийнхээ юу бодож, ярьж байгааг маш тэвчээртэй сонсох хэрэгтэй. Ингэж хүүхдүүдтэйгээ холбогдож чадсанаар таны хүүхэд сургууль дээрээ болон сургуулиас гаднах амьдралд амжилт гаргах эх үндэс болно.

4. Өсвөр насныханы амжилт бүтээлийн талаар ярилцаж урам хайрлаж бай! Xүүхдийнхээ сурах, мэдэх чадвар болоод аливаа асуудалд нухацтай ханддаг чадварыг нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавиарай! Иймийн тулд xүүхэддээ амжилтын төлөө зүтгэх урмыг хайрла! гэхдээ хүүхдийнхээ болоод бодит амьдрал дээрхи сургуулийн болоод сургуулиас гадуурхи ажлын ур чадвар, чадамжийг бодолцох нь зөв. Хүүхдээсээ та юуг хүсээд байгаагаа ойлгуулж, амжилтанд хүрэхийн төлөө юуг хийвэл зохистойг мэдүүлж таниулах нь зүйтэй. Боловсролыг эрхэмлэж байгаагаа та хүүхэддээ мэдрүүл, хүүхдийнхээ гэрийн даалгавар болон хичээлүүд дээр өгөгдсөн сэдвүүдийг цаг тухай бүрт нь гүйцэтгэж байгааг шалгаж мөн цаашид их, дээд сургуульд шаардагдах хичээлүүдийг зөв сонголт хийхэд нь туслаарай! Иймээс багш сурган хүмүүжүүлэгчидтэй болоод бусад амжилттай суралцаж байгаа сурагчидтай холбоотой ажилласанаар таны хүүхэд амжилт гаргаж чадна.

5. Хүүхэдтэйгээ мэдээллийн сувгыг хэрхэн зөв зүйтэй ашиглаж сурахыг зааж өг! Телевизийн ямар сувгыг сонгож үзэх, комъпютерийн ямар тоглоомоор тоглож болох, үзсэн киноных нь талаар зөвлөлгөө өгч илэн далангүй ярилцаарай! Ямар хөгжим сонсч, ямар сэтгүүл үзэж байгааг нь хянаж анxаарлаа хандуулах нь зүйтэй.

6. Хүүхдийнхээ уурлаж, уцаарлаж байгаа тэрхэн агшинд тэднийг зүгээр орхих буюу уур нь гарсаны дараа ухааруулж, учирлаж ярилцахыг хичээгээрэй! Яагаад гэвэл тэднээс гарч байгаа энэ өөрчлөлтүүд нь таны хүүхдээс үл шалтгаалан бие организмд нь гарч байгаа бодисын солилцооны улмаас илэрч буй байгалын шалгарал учраас энэ бүх хувирал, сэтгэл санааны  хувьд түүнд хүчтэй нөлөөлж байгаа түр зуурын өөрчлөлт гэдэгийг хүлээн зөвшөөрч тэдний энэ хямралыг ухаалгаар тэвчихийг хичээгээрэй!

7. Зөв хүмүүжилтэй найз нөхөдтэй болоход нь тусал. Хүүхдийнхээ найз нөхөдийг сайтар таньдаг байгаад зогсохгүй   тэдний эцэг эхчүүдтэй нь холбоотой байх нь юу юунаас чухал. Найз нөхдийнх нь талаар ярилцаж, мөн зөв хүмүүжилтэй хүүхэдтэй нөхөрлөхөд нь санаа тавиарай!


8. Зөв зан араншинтай, зөв хүмүүжилтэй болоход нь туслаарай! Хүүхдийг зөв хүмүүжилтэй орчинд өсгөж, харилцан ойлголцож байсанаар таны хүүхэд өв тэгш хүмүүжлийг олж авна гэдэгийг санаарай! Ta xүүхдээ өндөр боловсролтой хүн болгож өсгөхөөс гадна зөв хүмүүжилтэй хүнлэг,  хүний мөс чанартай эрхэм сайн нэгэн болоход таны тус, танай гэр бүлийн хүмүүжил таны хүүхдэд нөлөөлнө гэдэгийг сайн ухаарч балчир хүүхдээс авахуулаад ахмадуудыг хүндэтгэдэг энэрэнгүй сайхан сэтгэлтэн болж өсөхөд эрхэм аав, ээж та нарын минь тус нөлөө асар их байдаг гэдэгийг санаарай!

9. Үргэлж мансууруулах бодис, хар тамхины талаар ярилцаж тэдгээрээс жигшүүлэх талаар зөвлөлгөө өгч мөн зөв хооллолтон дээр нь анхаарал тавиарай!

10. Шийдвэрлэж чадахгүй байгаа хэцүү асуудал дээр нь үргэлж санаа тавьж, анхаарч байхын ялдамд өсвөр насандаа зөв хүмүүжилтэй өсч чадвал насанд хүрэхдээ өв тэгш зөв хүмүүжилтэй иргэн болж төлөвшинө гэдэгийг байнга санаарай!

Таниас энэ бүхнийг хэрэгжүүлэхэд маш их үүрэг, хаpиуцлага шаардагдана гэдэгийг үргэлж санаж явахыг хичээгээрэй!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Бичсэн: Бага анги | цаг: 18:39 | зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax